
🔹 Дэлхийн орчны эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 26-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2026 оны өдрийн уриаг Олон улсын орчны эрүүл мэндийн холбоо “Орчны эрүүл мэнд: Шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь” хэмээн тодорхойлсон.
🔹 Орчны эрүүл мэнд нь агаар, ус, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, хог хаягдал, химийн бодис болон бусад орчны хүчин зүйлээс хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
🔹 Монгол Улс “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр-т эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчны эрсдэлийг бууруулах чиглэлийг тусган хэрэгжүүлж байна.
🔹 Эдгээр бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Орчны эрүүл мэнд” 2025–2028 оны арга хэмжээний төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд орчны эрүүл мэндийн эрсдэлийн тандалт, судалгаа, мониторингийг бэхжүүлэх, агаар, ус, хөрс болон ахуйн орчны эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
🔹 Шинжлэх ухаан, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалт нь орчны эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эх үүсвэр дээр нь бууруулахын үндэс юм. Иймээс орчны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг эрүүл мэндийн салбараас гадна байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, зам тээвэр, хүнс, ус зэрэг салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай.
