ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ

Урьдчилан сэргийлэх гэдэг нь тухайн өвчнөөр өвчилж болох шалтгаан, нөхцлийг хааж, өдөр тутмын хоол хүнс, амьдралын хэв маягаа зохицуулахыг хэлнэ. Уушги, хамар, хоолойн ханиад нь амьдарч, ажиллаж буй орчны тоосжилт, сэрүүн чадалтай /хүйтэн ундаа, зайрмаг г.мэт/ идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, шим тэжээл муутай хоол хүнсийг үргэлж хэрэглэснээр биеийн дархлаа буурах, даарч хөрөх зэрэг шалтгаануудаас үүснэ. Харин халдварт ханиад нь тусгай вирусээр үүсгэгдэн агаар дуслын замаар халдварладаг.

Тиймээс ханиад өвчнөөс урьдчилан сэргийлэхэд орчны цэвэр байдал, хоол хүнсний хэрэглээ, өдөр тутмын хувцаслалт зэрэг амьдралын хэв маяг чухал. Тухайлбал, өдөр бүр гэр, ажлын өрөө, анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээ хийж, цэвэр агаар сэлгэн, ариутгал хийн, хоол хүнсэндээ шим тэжээлтэй хүнс, амин дэмээр баялаг хүнсний ногоог түлхүү хэрэглэх, шөл, зутан, жимсний шүүс, чанамал, буцалсан халуун аарц зэргийг өдөр тутамдаа, ялангуяа өвлийн улиралд хэрэглэж занших. Мөн улиралдаа зохицуулан хувцаслах нь ханиад цаашлаад бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх арга болж чадах юм.