📌 ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УДИРДЛАГА, ТАСАГ, НЭГЖИЙН УДИРДЛАГУУД KPI ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Хан-Уул Эрүүл мэндийн төв нь ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээ гардан авсантай холбогдуулан байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, чанарын менежментийг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Пүрэв гараг бүр байгууллагын удирдлага, орлогч дарга нар болон тасаг, нэгж, албадын дарга нарыг хамруулсан сургалт, хөгжлийн хөтөлбөрийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 07:00 цагаас ээлжит сургалт боллоо.
📚 Сургалтын эхний хэсэгт “World Standard Consulting” ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал, хүний их эмч, хөдөлмөрийн эрүүл ахуйч Б.Гантулга “Гүйцэтгэлийн удирдлага – KPI нэвтрүүлэх хөтөлбөр” сэдвээр сургалт, мэдээлэл өглөө.
Сургалтаар А/75 дугаар тушаалын хүрээнд хэрэгжиж буй улирлын гүйцэтгэлийн үнэлгээг ойрын 6 сарын хугацаанд үр дүнд суурилсан, илүү оновчтой тогтолцоо болгон сайжруулах зорилго, арга замыг танилцууллаа.
Тухайлбал:
🔹 Нийслэл – байгууллага – тасаг, нэгж – ажилтан гэсэн дөрвөн түвшинд зорилго, зорилтыг уялдуулах;
🔹 Нэгж бүр өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн үзүүлэлтийн сангаас 5–7 KPI үзүүлэлтийг хэлэлцэж сонгох;
🔹 Ажилтнуудын үүрэг, хариуцлага, ажлын үр дүнг тодорхой, хэмжигдэхүйц шалгуураар үнэлэх;
🔹 Таван бүлэгт чиглэсэн сургалтаар ажилтан бүрт шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох;
🔹 Сургалт бүрийн цагийн 50-иас доошгүй хувийг дадлага, ажил хэрэгч хэлэлцүүлэгт зориулж, үр дүнг гурван түвшинд үнэлэх;
🔹 Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг зургаан сарын эцэст найман шалгуураар дүгнэх зэрэг асуудлыг онцоллоо.
Мөн гүйцэтгэлийн үнэлгээний журмыг боловсронгуй болгохдоо ямар асуудлыг шийдвэрлэх, хэрхэн хэрэгжүүлэх, хэн хариуцах, зургаан сарын дараа ямар үр дүнд хүрсэн байхыг тодорхойлохын чухлыг тэмдэглэв.
Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцооны шинэчлэлийн гол зорилго нь зөвхөн үнэлгээ хийх бус, ажилтан бүр байгууллагын зорилгод оруулж буй хувь нэмрээ ойлгож, ажлын үр дүн, бүтээмж, хариуцлагаа дээшлүүлэхэд оршино.
💊 Сургалтын хоёр дахь хэсэгт “World Standard Consulting” ХХК-ийн гэрээт зөвлөх, “Mediva Medicine” ХХК-ийн эмийн мэргэжилтэн Ц.Хулан “Эмийн хэлбэрүүдийн био хүртэхүйн ялгаа ба шингэн эмийн давуу тал” сэдвээр мэдээлэл өгч, эмийн хэлбэрүүдийн онцлог, био хүртэхүйн ялгаа болон шингэн эмийн давуу талын талаар мэргэжлийн мэдлэг, мэдээлэл хуваалцлаа.
🌱 Чанартай менежмент – Хариуцлагатай гүйцэтгэл – Иргэнд ээлтэй тусламж, үйлчилгээ.
Хан-Уул Эрүүл мэндийн төв нь байгууллагынхаа хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, гүйцэтгэлд суурилсан удирдлагын тогтолцоог бэхжүүлэх замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна..