ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ: АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЬ

💚 Эрүүл ажилтан — Ээлтэй орчин — Чанартай тусламж, үйлчилгээ
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь “ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээ” гардан авсантай холбогдуулан байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, чанарын менежментийг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
📌 Энэ хүрээнд өнөөдөр буюу 2026оны 11 сарын 05-ны 07:00 цагаас “World Standard Consulting” ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал, хүний их эмч, хөдөлмөрийн эрүүл ахуйч Б.Гантулга байгууллагын удирдлага, орлогч дарга нар болон тасаг, нэгж, албадын дарга нарт “АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
🧠 СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Ажлын байрны сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн сэтгэл санаа тайван байхыг хэлэхгүй. Харин ажилтан ажлын ачааллаа зохицуулах, стрессээ даван туулах, хамт олонтойгоо эерэг харилцах, ажлын орчинд өөрийгөө аюулгүй, үнэ цэнтэй, дэмжлэгтэй гэж мэдрэх цогц ойлголт юм.
Ялангуяа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хувьд өндөр ачаалал, цаг хугацааны шахалт, сэтгэлзүйн дарамт, үйлчлүүлэгч болон ар гэрийнхэнтэй харилцах онцлог зэрэг нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл болдог.
Сургалтын хүрээнд дараах асуудлуудын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхэд чиглэв. Үүнд:
🔹 Стресс ба сэтгэлзүйн ачаалал: Ажлын байрны стресс үүсгэгч хүчин зүйлсийг таньж мэдэх, түүнийг зөв зохицуулах арга барил.
🔹 Сэтгэл хөдлөлийн удирдлага: Уур бухимдал, түгшүүр, сэтгэлзүйн дарамтыг даван туулах, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх.
🔹 Ажлын байрны эерэг харилцаа: Удирдлага, ажилтан, хамт олны харилцан хүндлэл, ойлголцол, дэмжлэгт суурилсан харилцааг төлөвшүүлэх.
🔹 Ажлын байрны сэтгэлзүйн аюулгүй байдал: Ажилтан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуудлаа нээлттэй ярилцах, ялгаварлан гадуурхалт, дарамтгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
🔹 Ажил, амьдралын тэнцвэр: Ажлын болон хувийн амьдралын зохистой тэнцвэрийг хадгалах, амралт, нөхөн сэргээлтэд анхаарах.
🌱 ЭРҮҮЛ АЖИЛТАН БОЛ БАЙГУУЛЛАГЫН ҮНЭ ЦЭНТЭЙ БАЯЛАГ.
Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар нь зөвхөн эмч, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологиос бус, ажилтнуудын мэдлэг, ур чадвар, сэтгэл ханамж, сэтгэцийн эрүүл мэндээс ихээхэн хамаардаг.
Тиймээс ажилтнуудынхаа сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эерэг харилцаа, харилцан дэмжлэгтэй ажлын орчныг бүрдүүлэх нь байгууллагын чанарын менежментийн чухал хэсэг юм.
💚 Хамтдаа эрүүл, эерэг, бүтээмжтэй ажлын орчныг бүрдүүлцгээе!